Ирландын аяллын виз

Ирланд улсад түр зорчих аль эсвэл 3 сараас доошхи хугацааны сургалтанд хамрагдах хүсэлтэй бол аяллын визийг мэдүүлнэ.

Бүрдүүлэх материал, тавигдах шаардлагууд:

– Виз мэдүүлэхэд шаардлагатай санхүүгийн доод хэмжээ гэж байхгүй. Аялал болон сургалтын төлөвлөгөө гарган түүнтэйгээ холбогдох зардлуудыг нарийн тооцон, гарах бүх зардалтай тэнцэхүйц хөрөнгийн баталгааг үзүүлнэ.

– Ирланд улсад байх хугацаандаа өөрийгөө 100% санхүүгийн хувьд батлан даах хөрөнгөтэй гэдгээ нотлон үзүүлнэ. Өөрийгөө батлан дааж буй тохиолдолд сүүлийн 6 сарын банкны хуулга, тодорхойлолт шаардлагатай. Ирландад байгаа гэр бүлийн гишүүд батлан дааж байгаа бол батлан даах захиа бичнэ.

– Гэр бүлийн гишүүн тань батлан дааж байгаа бол батлан даах захидал бичнэ. Уг захидалдаа батлан дааж буй хүний нэр, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, вэбсайттай бол вэбсайт, мөн хамгийн чухал нь виз мэдүүлэгчтэй ямар ураг садны холбоотой болохоо заавал батална. Тэр хүний банкны бичиг баримтууд мөн хавсаргагдах ёстой.

– Application Letter буюу визний албан маягт бөглөнө. Үүнд: Ирланд руу аялах, суралцах болсон шалтгаан, Ирланд руу очих болон нутаг буцах тодорхой огноог дурдана. Визний бүх нөхцлийг хүлээн зөвшөөрч дагах, улсын байгууллагуудад хүндрэл учруулахгүй байна (жишээ нь улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэхгүй г.м) гэсэн утгатай амлалт мөн бичнэ.

– Хэлний сургалтанд суух бол тухайн сургуулийн төлбөрийг заавал төлнө.

– Ямар төрлийн виз мэдүүлж байгаагаас хамааран study, holiday, vacation plan гэх 3 төрлөөс сонгон бичнэ.

– Визний хураамж төлсөн баримтаа ( Proof of Payment) заавал үзүүлэх ёстой.

– Хүчинтэй байгаа болон өмнөх бүх хуучин пасспортоо хавсаргах шаардлагатай. Пасспортын хүчинтэй хугацаа нь Ирландын виз хүсч буй хугацаанаас 6 сараар хойно дуусгавар болох ёстой.

– Таны санхүүгийн чадамж, нийгмийн байдал, гэр бүлийн байдлаас таныг эх нутагтаа буцаж ирэх үндэслэлтэй эсэхийг харгалзан үздэг. Монголд эрхэлж буй ажил тань буцаж ирэх нэг баталгаа болох ба үүнийгээ сүүлийн 3 сарын цалингийн дансны хуулга, хэр удаан ажиллаж байгаа, хэдий хугацаанд Ирланд явахаар чөлөө авч буцаж хэзээ ажилдаа орох зэргээ тусгасан ажлын газрын тодорхойлолтоор нотолно.

– Эх нутагтаа суралцдаг бол энэ нь Монголд буцан ирэх бас нэгэн баталгаа болно. Сургуулийн тодорхойлолт, чөлөө олгосон бичиг бүрдүүлэх шаардлагатай.

– Та гэр бүлтэй бол энэ нь бас нэгэн буцаж ирэх баталгаа болох юм. Гэр бүлийн статусаа тодорхойлсон захиа бичих ба үүнд гэр бүлийн гишүүдийн бүрэн мэдээллийг бичнэ. Тэдгээрийг батлахын тулд гэрлэлтийн баталгаа, хүүхэдтэй бол хүүхдийн төрсөний гэрчилгээг хавсаргана.

– 18 наснаас доош насны хүүхэд виз мэдүүлэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь визийг нь мэдүүлэх эрхтэй. Шаардлага нь дээрх дурдсантай ижил боловч хэд хэдэн нэмэлт шаардлага тавьдаг. Зөвхөн хүүхдийн виз мэдүүлж буй тохиолдолд онлайн маягт бөглөн асран хамгаалагч өмнөөс нь визний бүх материалыг бэлдэнэ. Хүүхэд том хүн хамтдаа виз мэдүүлж байгаа үед тус тусдаа маягт бөглөн аяллын төлөвлөгөө адил бол хоёуланд нь хавсаргаж өгнө. Ондоо бол тусад нь бичнэ. Бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтайгаа аялж буй тохиолдолд төрсний гэрчилгээг хавсаргана. Зөвхөн ээж болон аавтай буюу нэг асран хамгаалагчтай аялж буй тохиолдолд төрсний гэрчилгээг хавсаргахаас гадна нэг асран хамгаалагчтай аялах бол аялаагүй эцэг/эхийн итгэмжлэл болон пасппорт, иргэний үнэмлэх гарын үсгийг хавсаргана. Эцэг эх асран хамгаалагчаас өөр хүнтэй аялаж буй тохиолдолд асран хамгаалагчдийн итгэмжлэл хэрэгтэй. Төрсөн ах эгчтэйгээ аялаж буй тохиолдолд ч эцэг эхийн итгэмжлэх хэрэг болно. Мөн эцэг эхийн пасспорт, иргэний үнэмлэх гарын үсэгтэй хавсаргагдсан байх ёстой. Хүүхэд ганцаараа аялж буй тохиолдолд эцэг эхийн итгэмжлэл, пасспорт гарын үсгийн хамт шаардлагатай.

– Визний материал хянан хэлэлцэх, хариу гарах хугацаа нь ачаалалалтай үе, амралтууд зэргээс хамаарч өөр өөр байна. Дунджаар визний хариу 8 долоо хоногийн дотор гардаг. Бичиг баримт дутуу, бичиг баримтыг нэмэлтээр шалгах, эсвэл өөрөөс тань хамаарч буюу гэмт хэргийн түүх шалгах зэргээс хамаарч хариу удах магадлалтай.

– 7 хоног бүрийн мягмар гарагт визний хариуг ЭСЯ-ны вэбсайт дээр нийтэлдэг. Вэб хаяг: https://www.irishembassy.cn/ И-мэйл: irishvisabeijing@dfanet.ie

– Виз гарсан тохиолдолд пасспортын хоосон хуудсан дээр виз дарагдана. Таны маягтад хавсаргасан бусад бүх бичиг баримтууд буцан ирнэ. Цуцлагдсан тохиолдолд визний татгалзлын шалтгааныг дурдсан захиа ирэх бөгөөд таны явуулсан бүх бичиг баримтууд буцан ирнэ.

– Дахин мэдүүлэх, давж заалдах хүсэлтэй байгаа бол 2 сарын дотор үнэ төлбөргүй дахин заалдах эрхтэй. 2 сар өнгөрсөн бол дахин виз мэдүүлэх хураамжаа төлнө.

– Зочлохын өмнө анхаарах ёстой зүйл. Виз гарна гэдэг нь та Ирланд улсад шууд нэвтрэх эрхтэй гэсэн үг биш юм. Та хил хамгааллтын ажилтан дээр очихдоо пасспорт болон визний бичиг баримтуудын бүх хуулбарыг биедээ авч явж, өөрийн аялах зорилгоо хэлэх ёстой. Хил хамгааллын ажилтан танд дээд тал нь 90 хоног байх тамга дарж өгнө.

– Ховор тохиолдолд визээ сунгуулах боломжтой. Виз дуусахын өмнө цагаачлалын албанд хандан сунгуулах хүсэлтээ өгнө.